Tuesday, April 26, 2011

Монгол хүмүүний зүрхний бичээс

Би таван ханатай гэрт төржээ
Би таван тивтэй дэлхийд төржээ
Би буурал түүхтэй Монголд төржээ
Би бурхад мэндэлдэг дорнод төржээ
Бойтогны минь хонх намайг хөлд оруулсан
Ботгон буйлаан намайг хэлд оруулсан
Уухай,гийнгоо надад жигүүр ургуулсан
Уртын дуу надад ухаан цараалсан
Эвэдэрвээс бид хуваахын хүрдээ
Эвэлэрвээс бид үржүүлэхийн хүрдээ
Энэ бол миний зүрхэний бичээсээ
Эвлэрсэн цагтаа монголчууд бид хүчтэй
Авдар дотроо судар минь багтдаг
Атныхаа нуруунд гэр минь багтдаг
Өргөөн тооноор минь наран багтдаг
Үнхэлцгэн дотор минь орчлон орчдогоо
Би дэлхий хэвтэй гэрийн эзэн
Би дээшээ заяатай буяны эзэн
Би дээрээ нартай тэнгэрийн эзэн
Би дээдэсээс зарлигтай Монголын эзэн

Монгол мину

Цөөхөн атлаа олноос дутдаггүй хөлөг морьтон мину    
Муухан атлаа сайнаас дорддоггүй хөх монгол мину    
Харанхуй шөнө болзоод давхих ганц морьтон миний хөрөг                           
Хясаан элгэнд дурайх сүг зураг миний өвгөдийн жаазгүй хөрөг
Ногтон сахалт өвгөдийн зохиосон нууц товчоо таны авъяас
Ногоон талын хөх зэрэглээнд цайрах цагаан  өргөө сувдын хэлхээс
Норовбанзад дуулж би уйлдаг гоолингоо зүрхний хадаас 
Хялгасан судсаар үерлэх өвөгдийн цус минийх
Харь газар хиртүүлж болшгүй овог нэрс минь таных
Ядасан цагт мөлхөж ирээд дэрлэх чулуу минь  таных

Wednesday, March 30, 2011

БУУРАЛ ДЭЛХИЙД ГАЗАР ХӨДЛӨХ ЗӨВ

Буурал дэлхийд газар хөдлөх зөв
Буруу юм гэж ор тас алга
Яагаад гэвэл шилгээе гэж хөдөлсөн юм
Ядраа чилээг нь хүн өөрөө л өгсөн юм
Хүлэг морь хөрвөөх шиг хөдөлдөг юм
Хөлрөөг нь гэвэл хүн өгсөн юм
Өвдөхдөө бүр ёолж дэвхцэж хөдөлдөг юм
Өвчин гэмийг нь хүн л тарьсан юм
Хааяадаа бүр хилэгнэж хөдөлдөг юм
Хад чулуугаа хэмхэртэл хөдөлдөг юм
Хачин юм даа гэж бүү бодоорой
Хар нүглээ хүн л тарьсан юм


Нар сарыг нь бузарлаад байхаар
Найтааж ханиалгаж нэг хөдөлдөг юм
Навч ургамлыг нь тасдаад байхаар
Найгаж дайваж бас нэг хөдөлдөг юм
Эд эрдэнэсийг нь ховдоглон уудлахад
Элэг зүрхээ сугалуулж хөдөлдөг юм
Олон хөөрхий амьтадыг нь хөнөөхөд
Онгон сүнс нь цочиж хөдөлдөг юм
Өвч дэлхийд газар хөдлөх нь зөв
Үхлийн нүглээ хүн өөрөө л хийсэн юм
Үхэр тэрэг хөгнөсөн шиг хөдөлдөг юм
Үргээ цочоог нь хүн өөрөө л өгсөн юм
Газар зөвхөн ингэж л хөдөлдөг биш юм
Гал нь харин ус болж дайрч хөдөлдөг юм
Тэр усны сүр бол догшин үер
Тэнэг биш бол хүмүүс минь мэдэж болох юм
Олон янзаар хөдөлдөг шүү хүмүүс ээ
Ус нь харин гал болж шатаж хөдөлдөг юм
Тэр галын сор бол улаан тоос
Тэсгэлгүй боссон уур хилэн байгаа юм
Газар тэнгэр хоёр нэг нэгнээ эрж
Ганган сайхан төрхөө олох гэж хөдөлдөг юм
Алга болсон бүхэн нь цус маханд чинь дутаж
Аврал үгүй өвчин болж
Зүрхэн дээр чинь хөдөлнө шүү, хүмүүс ээ!

Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Хэнийг ч гомдоохгүй
Хэнийг ч хуурахгүй
Хэнд ч худлаа хэлэхгүй
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Сайн хүнийг хамгаалж
Зөв бүхнийг дэмжиж
Аливаад чин сэтгэлээсээ хандаж
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Үнэний төлөө тэмцэж
Хүчгүй хүнийг өмгөөлж
Буруу бүхнийг засаж
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Мөнгөнд хэт их шуналгүй
Мөрөөдлөөсөө хэт их хазайлгүй
Ярихаасаа илүү санаснаа биелүүлж
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Дурсах хүүхэд настай
Дурлалын сонин түүхтэй
Хайрлах үр хүүхэдтэй
Халамжлах хань ижилтэй

Үерхэх найз нөхөдтэй
Үржүүлэх мал хөрөнгөтэй
Унах сайн тэрэгтэй
Уулзах төрөл, төрөгсөдтэй

Үүрэх цэцэн буутай
Үнэлэгдэх төр, засагтай
Хэлэлцэх өндөр боловсролтой
Хэтийн түмэн мөрөөдөлтэй явсаар

Дурсагдах нэр төртэй
Даруухан шарилын хөшөөтэй
Хорвоогоос буцан оддог
Хүн шиг л хүн байхыг би хүснэ



Миний л төлөө цохилох Ээжийнхээ зүрхийг шархлуулалгүй
Миний л төлөө залбирах Аавынхаа сэтгэлийг зовоолгүй
Намайг л гэх хүмүүсийн итгэлийг алдалгүй
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Магтсан ч хамраа сөхөхгүй
Муулсан ч гутлаа ширтэхгүй
Мөрөөдсөн ч мөнгө төлөхгүй
Махийсан ч нуруу алдахгүй

Өөрөө шатаж өөрийлийг дулаацуулсан
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Мэддэг чаддаг гэж хамар сөхөлгүй
туслаж зөвлөж хуваалцаж чаддаг
өгсөн болгондоо хариу нэхэлгүй
өгөөмөр сэтгэлдээ өөрөө урамшдаг
би хүн шиг л хүн байхыг хүснэ
Хүн байх гэдэг
Хүнд харагдах царайгаар биш
Хорвоог харсан ухаанаар мэдэгддэг
Харагдаж, бас танигддаг юм

Айхгүй нь энэ гэж арзаагаагүй
Айлгүй нь дэндэж нялуураагүй
Бодсоноо нүүрэндээ наагаад
Бор зүрхээрээ явах

Буруу, зөв нь сонин биш
Бусдыг дагаж хошуураагүй
Хэлэх юмаа эгц, бас шулуун хэлэх
Хүн байхыг хүснэ, би

Алдъя гэж алдаагүй алдаанаасаа
Амьдралд суралцах мөртөө
Алдаагаа давтахаас бас айхгүй
Аатай, бас гүндүүгүй

Хүний хорвоод амьдрахдаа
Хүний төлөө л явж
Өөрийнхөө хүслийг биелүүлэх гэж яараагүй
Өрөвч сэтгэлтэй хүн байхыг хүснэ, би

Хүсэлийг минь чөдөрлөсөн их хүсэл дунд ч
Хүн биеийг минь эзэмдсэн их мөнгөн дунд ч
Халуун залуу насыг минь сүлсэн хайран дунд ч
Хамаагүй цацсан цагаан инээдэнд дунд ч
Хамгийн сүүлд захиас үгээ хэлж байхдаа ч
Би хүн шиг Хүн байхыг хүснэ....

Monday, March 14, 2011

Н.Тайванжаргал : Өглөөний монгол

Манхан уулсын оройд нар тусахаас өмнө адуундаа мордохдоо
Мандаж байгаа наран зүг морьтойгоо давхиж зүгээн гаргадаг өглөөний монгол би
Малын мөртэй өглөөний талд нар тусаагүй байхад 
Малгайныхаа сорон дээр нар тусахыг үздэг эртэч монгол би

Би тив алгассан нарны алтан цацрагаас өрсөж тэнгэрт нар шиг мандсан өглөөний монгол хүн 
Би тэнгэр газар хоёрын хооронд өчнөөн жил амьдрахдаа өглөөний нарнаас өрсөж өнө ирээдүйдээ яарсан эртэч монгол би 


Нарийн сультай өвс шүүдрээ гөвөөгүй байхад гаталж өнгөрөхдөө
Нарнаас өрсөж ирээдүйрүүгээ морьтойгоо давхисан өглөөний монгол би
Нас насандаа нарнаас өрсөж мандсан 
Надаас түрүүлж нар манддаггүй эртэч монгол би

Би өнө ирээдүйг нь үр хойчдоо үлдээж өтөлтлөө өглөөний нарнаас өрсөж босох эртэч монгол би 
Би өвөг дээдсээсээ уламжлагдаж үлдсэн өчнөөн жилийн өглөөний нарыг угтаж тосох ийм л заншилтай эртэч монгол би 


Үүлэн тэнгэрээс сар буугаагүй байхад уяан дээрээсээ мордож
Үүр хаяарсан тэнгэрийн доор нар мандахыг үздэг өглөөний монгол би
Өглөөний нар надаас хэзээ хойно мандахдаа
Үргэлж надад атаархдаг дэндүү эртэч монгол би

Би тив алгассан нарны алтан цацрагаас өрсөж тэнгэрт нар шиг мандсан өглөөний монгол хүн 
Би тэнгэр газар хоёрын хооронд өчнөөн жил амьдрахдаа өглөөний нарнаас өрсөж өнө ирээдүйдээ яарсан эртэч монгол би 

Тэнгэрийн хаяаруу өглөө эрт морьтойгоо давхихад минь
Тэртээгээс нар мандаж намайг хардаг өглөөний монгол би 
Тэнүүн талын өглөөний шүүдэр морины сагаг норгохдоо
Тэндээс нар мандана гэж надтай хамт хүлээдэг эртэч монгол би

Би өнө ирээдүйг нь үр хойчдоо үлдээж өтөлтлөө өглөөний нарнаас өрсөж босох эртэч монгол би 
Би өвөг дээдсээсээ уламжлагдаж үлдсэн өчнөөн жилийн өглөөний нарыг угтаж тосох ийм л заншилтай эртэч монгол би 

Saturday, March 5, 2011

Инээмсэглэл

Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.

Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.
Тэртээх зуунд дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Түмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнэ байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ уралддаг
Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгүй
Нар сар хүртэл чиний л төлөө ээлжилж хөөрдөг билээ.

Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дурлал хайраараа жаргаах гэж эр хүн ийм ухаантай байдаг
Дуурсах нэрээ өөрөө олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг

Будант энэ орчлонд чамайг
Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хүн эх хүн болгосон билээ
Бүсгүй минь чи

Өглөө сэрээд инээмсэглэж байгаарай
Өнөөдөр, хоёр маргаашаас үнэтэй шүү.

Tuesday, January 25, 2011

Нэргүй шүлэг

  Энэ хорвоог ухаарлын цараар тарниддаг аав минь утга санааны дараалал
Энгэрээ тэмтэрч цагаан сүү ивэлгэсэн ээж минь он цагийн дараалал
Элэг бүтэн удмын заяа миний сэтгэлийн дараалал 
Ээдрээ ихтэй амьдралд хөлөө олж тэнцэх нь миний бодлын дараалал
Мөнхөд гялалзах од шиг цэвэр ичимхий аашиндаа
Мөргөл нь хуучраагүй Эх орондоо монголоороо байхыг хүсдэг
Мөнгөөр чи хээрхэж дуугаа бүү хураа
Мөхөхгүй ч гэсэн амьдрал гуравхан цагт эргэдгиймаа
Монгол дээлээр гоёдог хөдөөгийн өвгөд миний ёс заншил байдаг
Мөлгөртлөө элэгдсэн хүн чулуунд миний түүх соёл байдаг
Мохошгүй иртэй түмэн уулсад миний сэтгэлийн тэнхээ байдаг 
Могойн чуулган, туулайн хэвтэр нь миний нутаг байдаг
Амьдралыг би хуулж амьдраад яахым бэ
Алдаж оносон ч хувь заяа минь байна 
Минийх болооч гэж гуйж амьдраад яахым бэ
Мэндийн зөрөөтэй нөхөд байхад болно

Monday, January 3, 2011

Мянган бурханы илчтэй миний хайртай ижий

Хөглөгөр Алтайн нуруу тэнгэр хатган дүнсийхэд
Хөх Монголын бурхад ижийн минь цацалд эрхэлдэг
Хөндий талын зэрэглээ газар юүлэн нэвтэлхэд
Хүн мөнхийн хаан ижийн минь хайранд ижилддэг ээ

Тэнгэрээс ивэлсэн сүүний дусал нь биш далай нь
Тэртээх цагаан гэрийн ухаалаг нэгэн бүсгүй
Тэвэр дүүрэн жаргалын адаг нь биш эх нь
Тэртээх холоос илгээсэн мянган бурханы илч нь

Хурмастын эзний илгээсэн чамин эрээн гоёлыг                                                            
Хуурмаг аргаар нэхэж надад өмсгөөгүй уран                                                          
Хуруувчаа зүүж оёсон бор даалимбан тэрлэгээ                                                                                 
Хурдан өмсөөд үз гэж урам хайралдаг ижий

Маргад тэнгэрийн хаяанаас солонгын өнгө тодорход                                 
Миний хайртай ижий буяны учиг сүвэлдэг                                   
Манлай энэ найргийн минь тэргүүн эзэн болсон                                     
Мянган бурханы илчтэй миний хайртай ижий

Нутгийн өндөр уулс хүртэл ээжээс минь сүү хардаг                                                      
Нуурын олон шувууд хүртэл ээжээс минь дуу хардаг                                                   
Наадан тоглох багачууд хүртэл ээжээс минь чихэр хардаг                                                
Настан буурал өвгөд хүртэл ээжээс минь цай хардаг   

Ижийнхээ цагаан сүүнд бялууран би инээдэг нь үнэн                                                         
Ижийнхээ цайлган сэтгэлд татагдан би ирдэг нь үнэн                      
Ижийнхээ уужим өвөрт унтахдаа би жаргадаг нь үнэн                       
Ижийнхээ сайхан аялгуунд уярч би саатдаг нь үнэн

Шөнө болгоны зүүд хойморт ижийгээн би зүүдэлдэг                                                           
 өдөр болгоны бодол болгон ижийгээ би боддог                                                                 
Тэр жилүүдийн  жаргал болгоныг ижийтэйгээн би хүртээд                                             
Тэнгэр шиг өндөр наслаарай гээд охин нь таныгаа үнсье!

Б.Ариун-Эрдэнэ 

Монгол хүн та дээшээ суу

Монгол хүн та дээшээ суу
Морин хуурандаа ойрхон суу
Шагайн дөрвөн бэрхэнд аз увьдис бууж
Шандаст хүлгийн зоонд ардын дуугаан аялдаг
Дэлгэн барьсан хадагных нь өнгөнд тэнгэр гэрэлтэж
Дээшээ харсан алганд нь дэлхий бүхлээрээ багтдаг
Дээлтэй хөх өвгөд минь гаанс хөөргөөрөө гоёж
Дээрээ тоонотой гэртээ зуун зууныг элээсэн
Монгол хүн та дээшээ суу
Морьтой сүлдэндээ ойрхон суу...
Унасан хүлгийнх нь тэргүүнд сар бууж
Ууж суугаа аягатай цайнд нь нар хөвдөг
Уйлсан хүүхдээ галынхаа цогонд ширэглэж
Ус голынх нь чулуугаар домнож өсгөдөг
Уужим талын цээжийг гэрийнхээ бууриар тамгалж
Унь ханаа шаргиулан нүүж дөрвөн цагийг уяраасан
Монгол хүн та дээшээ суу
Монгол гэрийнхээ хойморт суу
Атганаас буусан шагай дөрвөн бэрх буутал
Ардын дуугаан дуулж хуурынхаа аялгуунд дэлгэр
Алтан намрын шүүдрийг мөнхийн ус болтол
Адис жанлавий нь хүртэж хурмастын доор залбир
Эргэн төрөхгүй аялгуу зүрхнээ дахин эгшиглэж
Энэ хаврын уулсыг өнгөөн хувилтал дуул...
Ээж ээжийн хайр дэлхийн мэлмий нээж
Энэ цагийн Монголын зовлон холхнуур тойрог
Монгол хүн та дээшээ суу
Монгол гэрийнхээ хойморт суу
Морин хуурынхаа дэргэд суу...

Ч.Дагмидмаа