Хөх Монголын бурхад ижийн минь цацалд эрхэлдэг
Хөндий талын зэрэглээ газар юүлэн нэвтэлхэд
Хүн мөнхийн хаан ижийн минь хайранд ижилддэг ээ
Тэнгэрээс ивэлсэн сүүний дусал нь биш далай нь
Тэртээх цагаан гэрийн ухаалаг нэгэн бүсгүй
Тэвэр дүүрэн жаргалын адаг нь биш эх нь
Тэртээх холоос илгээсэн мянган бурханы илч нь
Хурмастын эзний илгээсэн чамин эрээн гоёлыг
Хуурмаг аргаар нэхэж надад өмсгөөгүй уран
Хуруувчаа зүүж оёсон бор даалимбан тэрлэгээ
Хурдан өмсөөд үз гэж урам хайралдаг ижий
Маргад тэнгэрийн хаяанаас солонгын өнгө тодорход
Миний хайртай ижий буяны учиг сүвэлдэг
Манлай энэ найргийн минь тэргүүн эзэн болсон
Мянган бурханы илчтэй миний хайртай ижий
Нутгийн өндөр уулс хүртэл ээжээс минь сүү хардаг
Нуурын олон шувууд хүртэл ээжээс минь дуу хардаг
Наадан тоглох багачууд хүртэл ээжээс минь чихэр хардаг
Настан буурал өвгөд хүртэл ээжээс минь цай хардаг
Ижийнхээ цагаан сүүнд бялууран би инээдэг нь үнэн
Ижийнхээ цайлган сэтгэлд татагдан би ирдэг нь үнэн
Ижийнхээ уужим өвөрт унтахдаа би жаргадаг нь үнэн
Ижийнхээ сайхан аялгуунд уярч би саатдаг нь үнэн
Шөнө болгоны зүүд хойморт ижийгээн би зүүдэлдэг
өдөр болгоны бодол болгон ижийгээ би боддог
Тэр жилүүдийн жаргал болгоныг ижийтэйгээн би хүртээд
Тэнгэр шиг өндөр наслаарай гээд охин нь таныгаа үнсье!
Б.Ариун-Эрдэнэ
No comments:
Post a Comment